ДЭЛХИЙН ХҮН БА ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗАР-БОГДХАН УУЛ

Ерөнхий танилцуулга

Богдхан уул нь үндэсний төдийгүй дэлхийн экологийн тэнцлийг хангахад чухал нөлөө бүхий байгаль, түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий газар хэмээн ЮНЕСКО-ийн Хүн ба Шим мандлын нөөц газрын  сүлжээнд 1996 онд бүртгэж, 1997 онд гэрчилгээ олгосон.

Монгол Улсын хүн амын 50% шахам хүвь нь амьдарч байгаа Улаанбаатар хотын дэргэд,  хотын төвөөс 4-5 км зайтай орших Богдхан уулын дархан цаазат  газар нь 41.650 га нутаг дэвсгэртэй.  XII зууны үеэс дархлан хамгаалсан ариун шүтлэгтэй уул, 1778 онд дархалсан энэ газар (АНУ-ын Шар чулуутын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс бараг 100 жилийн өмнө) нь Монголын хамгийн анхны дархан цаазат газар бөгөөд дэлхийн хамгийн ууган дархан цаазтай газрын нэг юм. Богдхан уулыг 1778 онд анх дархлан хамгаалж,  1994 онд албан ёсоор дархан цаазат газар болгон баталгаажуулжээ.

1995 оны 5-р сарын 16-нд Ерөнхийлөгчийн 110 тоот зарлигаар дахин буюу 4 дэх удаагаа дархан цаазат байдлыг баталгаажуулж "Төрийн тахилгат уул" болгосон бөгөөд 1995, 2000, 2005, 2010, 2015, 2020 онуудад тахилгын ёслолыг  үйлдсэн. 

Богд хаант улсын үед 1809 оноос Богдхан уулын 28 амыг цагдаатай болгож, нутаг дэвсгэрт нь орох зөвшөөрлийг Богд хаан гардан олгодог журамтай байжээ.   

Богдхан уулын ам хөндий хажуу хормойгоор бичигт, зурагт хад цохионууд, хиргисүүр, хөшөө булш зэрэг түүхийн дурсгалт зүйл олонтой. Түүх соёл үл хөдлөх дурсгалт зүйлийг тэмдэгжүүлэхэд нийт 197 дурсгал бүртэгдсэн байна.

Богдхан уулыг Дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсний үр дүнд хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангах, нутгийн иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн аливаа хүчин чармайлтыг ЮНЕСКО-гоос дэмжин урамшуулах, шаардлагатай удирдамж чиглэлээр хангах, санхүүжилтийн нэмэгдэл эх үүсвэрийг хайх ач холбогдолтой

      Богдхан уул улсын нийслэл Улаанбаатар хоттой зэрэгцэн оршиж байдгаараа онцлог бөгөөд энэ нь эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт, танин мэдэхүйн нэн чухал обьект болно. Нөгөө талаас нь хотод ойрхон байх нь газар ашиглалт, зам, хотжилт болон хулгайн ан, гал түймэр, мал бэлчээрлүүлэх, агаарын бохирдол зэрэг хот суурингийн бусад дарамт нь дархан цаазат газрын байгалийг доройтуулах хүчин зүйл болдог. Уулын хойд сэрүүн хажуу нь шилмүүст ойгоор бүрхэгдсэн, урд талын дулаан энгэр нь нүцгэн хад чулуутай. Голлох амьдрах орчин, газрын гадаргын бүрхэвчийн хэв шинж нь олон зүйлийн өвстэй тал хээр, уулын ургамалжил,  ой тайгын ургамалжил, нүцгэн хад чулуу,  мөн хар мод (Larix sibirica), хус (Betula spp.), хуш (Cedrus spp), нарс (Pinus spp)-т холимог ой байна. Дэлхийн хэмжээнд ховордсон тарвага (Marmota siberica), идлэг шонхор (Falco cherrug), мөн үндэсний хэмжээнд нэн ховордсон Халиун буга (Cervus elaphus) зэрэг устах аюулд ороод байгаа ан амьтны төрөл зүйлүүд дархан цаазат газарт амьдардаг. Мөн бүргэд (Haliaectus leucoryphus), хандгай (Alces alces), хүрэн баавгай (Ursus arctos), жороо тоодог (Otis tarda), сойр (Tetrao parvirostris) мөн сохор номин (Myospalax aspalax) зэрэг амьтад сүүлийн арван хоёр жилд энэ бүс нутагт устаж алга болсон.

1994 онд Дархан цаазат газар анх байгуулагдахад уулынхаа захаар малчдын жижиг суурин, ХААИС-ийн  хотхон, Ерөнхийлөгчийн ордон, Үндэсний одон орон судлалын төв, Хүүхдийн засан хүмүүжүүлэх газар, жуулчдад зориулсан цөөн тооны гэр бааз гээд хуруу дарам цөөн байгууламжууд байсан. Эдгээр нь  “Хязгаарлалтын бүс”-т байрлаж байв.

Дархан цаазат газрын  орчны бүсийг огт тогтоож байгаагүй бөгөөд хот нь өөрөө олон тооны зочид, аялагчдыг татсан орчны бүс болно гэж үздэг.

Газарзүйн солбицол

Богдхан уулын дархан цаазат газар нь Хэнтийн нурууны баруун өмнөд талын салбар уулсын нэг бөгөөд баруунаасаа зүүн тийш 31 км, хойноосоо урагш 20 км, ерөнхийдөө баруунаас зүүн тийш сунаж тогтсон хойт өргөрөгийн 470 54’ зүүн уртрагийн 1060 46’ минутаас 1070 10’ –ын хооронд оршино.

Богдхан уулын дархан цаазат газар нь биогеографикийн ангилал зүйн хувьд Номхон далайн  ай савд хамрагддаг.

Богдхан уул түүний орчим нутаг нь Хангай, Хэнтийн атриат бүсийн Хэнтийн хэсгийн баруун өмнө талд оршдог. Дархлагдсан талбайн хэмжээнд чулуун нүүрсний галавын үед 350-205 сая жил хуримтлагдсан тунамал  чулуулаг ба Мезозойн эриний юрийн галавийн сүүлч Цэрдийн галавийн эхээр 130 сая жил үүсч бүрэлдсэн боржин чулуу мөн уулын бэл, хормой, гуу, жалга, орчин үеийн хөвсгөр хурдас тархаж байдаг. Уулын ноён оргил Цэцээ гүн далайн түвшнээс 2268 км байдаг.

Уур амьсгал

Богдхан уул  нь хүйтэн өвөлтэй, сэрүүвтэр зунтай, эх газрын эрс тэс уур амьсгалтай бүс нутагт хамаарагдана. Жилд дунджаар 2800 цаг нар гийгүүлэх ба нар гийгүүлэх цагийн сарын нийлбэр нарны өндрөөс хамаарч 12 сард хамгийн бага 160 цаг, 5 сард хамгийн их 2900 цаг орчим байна. Наргүй өдөр жилд 12-14 тохиолдоно. Нарны гийгүүлэлтэй уялдаж шууд цацрагийн жилийн нийлбэр нь хэвтээ  гадаргад 46-28 квт,мхүрнэ. Тус ууланд агаарын жилийн дундаж температур -1.5-(-3.1), хамгийн хүйтэн 1-р сард дундаж температур -10С-ээс -240С, хамгийн дулаан 7-р сард +14-ээс +17.60С хүрнэ.