Хууль, эрх зүй

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ОРЧНЫ БҮСИЙН ТУХАЙ

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ОРЧНЫ БҮСИЙН ТУХАЙ

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

1997 оны 10 дугаар сарын 23-ны өдөр

 

Улаанбаатар хот

 

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ОРЧНЫ БҮСИЙН ТУХАЙ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь тусгай хамгаалалттай газар нутагт орчны бүсийг тогтоох, орчны бүсэд үйл ажиллагаа явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хууль тогтоомж

2.1.Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, энэ хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүс

3.1.Дархан цаазат болон байгалийн цогцолборт газарт үзүүлж байгаа буюу үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг багасгах, арилгах, урьдчилан сэргийлэх, тухайн газар нутгийг хамгаалахад иргэдийн оролцоог өргөжүүлэх, тэдний ахуй амьдралаа баталгаажуулах, байгалийн баялгийг зохистой ашиглах шаардлагыг харгалзан тогтоосон газар нутгийг орчны бүс гэнэ.

3.2.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шаардлагатай гэж үзвэл байгалийн нөөц газар, дурсгалт газарт орчны бүс, түүний заагийг тогтоож болно.

З.3.Орчны бүс нь дархан цаазат газрын хилийн заагийн гадна байх бөгөөд байгалийн цогцолбор газрын хувьд түүний хилийн заагийн гадна буюу хязгаарлалтын бүстэй нь давхцсан байж болно.

4 дүгээр зүйл.Орчны бүсийг тогтоох шалгуур

4.1.Дараахь шалгуурыг харгалзан орчны бүсийг тогтооно:

4.1.1.Экологийн шалгуур:

4.1.1.а.экологи, нийгэм, эдийн засгийн онцгой ач холбогдол бүхий биологийн төрөл, зүйлийг хамгаалах шаардлагатай газар нутаг;

4.1.1.б.нэн ховор, ховор ан амьтны байршил, нутагшилт, тархац, тэдгээрийн нүүдлийн зам;

4.1.1.в.нэн ховор, ховор ан амьтан нутагшаагүй боловч цаашид нутагшиж болох газар нутаг;

4.1.1.г.тусгай хамгаалалттай газрын байгаль орчинд онцгой нөлөө үзүүлэх гол, голын эх, сав газар.

4.1.2.Нийгэм, эдийн засгийн шалгуур:

4.1.2.а.тухайн тусгай хамгаалалттай газраас байгалийн баялаг ашиглан орлого олдог нутгийн иргэдийн амьдардаг газар нутаг;

4.1.2.б.байгаль орчныг бохирдуулах эх үүсвэрийн байршил, нөлөөллийн хүрээ;

4.1.2.в. нутгийн хүн ам, айл өрх, малын нягтрал нь бэлчээрийн даац, усны хангамжийн хүрэлцээнд сөрөг нөлөө үзүүлж байгаа газар нутаг;

4.1.2.г.нийгэм, эдийн засгийн хөгжил нь тухайн тусгай хамгаалалттай газар, түүний орчны байгаль, байгалийн нөөцөөс онцгой хамаарал бүхий суурин.

4.1.3.Бусад шалгуур:

4.1.3.а.байгалийн өвөрмөц тогтоц, онцлог бүхий газар нутаг;

4.1.3.б.түүх, соёлын дурсгалт зүйлс бүхий газар нутаг.

5 дугаар зүйл.Орчны бүсийн хилийн заагийг тогтоох

5.1.Орчны бүсийг тогтоохоос өмнө тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа /цаашид "хамгаалалтын захиргаа" гэх/ сум, дүүргийн Засаг даргатай хамтран тухайн асуудлаар нутгийн иргэдэд мэдээлэл өгөх, орчны бүс тогтоох зорилго, энэ талаар гарсан санал, орчны бүсийн тухай хууль тогтоомж, иргэдийн оролцооны тухай тайлбарлан танилцуулсан байвал зохино.

5.2.Хамгаалалтын захиргаа тухайн сум, дүүргийн Засаг даргатай хамтран орчны бүсэд хамруулах газар нутгийг энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан шалгуурын дагуу судална.

5.3.Судалгааны бүх мэдээллийг 1:500000-аас багагүй масштабтай газрын зурагт буулгаж түүндээ газар, ус, ан амьтан, ой, ургамлын нөөцийг тусгана.

5.4.Хамгаалалтын захиргаа энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан Зөвлөлтэй хамтран орчны бүсийн зааг тогтоох саналыг боловсруулж, сум, дүүргийн Засаг даргад уламжилна.

5.5.Сум, дүүргийн Засаг дарга саналыг хянан үзэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар /цаашид “төрийн захиргааны төв байгууллага” гэх/ батлуулна.

5.6.Энэ хуулийн З.1-д заасан орчны бүсийн хилийн заагийг тухай сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага тухайн газрыг тусгай хамгаалалтад авснаас хойш нэг жилийн дотор тогтооно.

6 дугаар зүйл.Орчны бүсийн зөвлөл

6.1.Орчны бүсийн хөгжлийг зохицуулах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхэд нутгийн иргэдийн оролцоог өргөжүүлэх зорилго бүхий орон тооны бус орчны бүсийн зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ ажиллана.

6.2.Зөвлөл нь сондгой тооны гишүүдтэй байх бөгөөд дараахь бүрэлдэхүүнтэй байна:

6.2.1.сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс хоёроос доошгүй төлөөлөгч;

6.2.2.нутгийн иргэдээс гурваас доошгүй төлөөлөгч;

6.2.3.хамгаалалтын захиргаанаас хоёр төлөөлөгч.

6.З.Зөвлөлд байгаль орчны чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын төлөөлөгч ажиллаж болно.

6.4.Зөвлөл дараахь эрх, үүрэгтэй:

6.4.1.тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүсэд хууль тогтоомжийн хэрэгжилтэд олон нийтийн хяналт тавих;

6.4.2.орчны бүсэд газар, байгалийн бусад баялаг ашиглахтай холбогдсон асуудлаар санал, зөвлөмж, төсөл, орчны бүсийн менежментийн төлөвлөгөө боловсруулах;

6.4.3.орчны бүсэд байгаль орчны тухай хууль тогтоомж, орчны бүсийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Засаг даргад туслах, зөвлөх, санал тавих;

6.4.4.орчны бүсийн санд хөрөнгө төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах, хуваарилах, зарцуулалтад хяналт тавих;

6.4.5.тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүсийн тухай хууль тогтоомжийг сурталчилах, зохих мэдээллийг олон нийтэд түгээх.

7 дугаар зүйл.Орчны бүсийн сан

7.1.Зөвлөл нь тусгай хамгаалалттай газрын орчны бүсийг хөгжүүлэх, нутгийн иргэдийн ахуй амьдралыг дэмжих зорилго бүхий орчны бүсийн сан /цаашид "сан" гэх/-г байгуулж болно.

7.2.Сан нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

7.2.1.гадаадын болон дотоодын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив;

7.2.2.орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлсэн төсөл, ажил, үйлчилгээний орлогын тодорхой хэсэг;

7.2.3.байгаль орчны тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдийн учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогын тодорхой хэсэг;

7.2.4.бусад орлого.

7.З.Энэ хуулийн 7.2.2, 7.2.3-т заасан орлогоос санд төвлөрүүлэх хувь хэмжээг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.

7.4.Орчны бүсийн санг дор дурдсан арга хэмжээнд зарцуулна:

7.4.1.байгаль орчныг нөхөн сэргээх, орчны доройтлыг бууруулах;

7.4.2.нутгийн иргэдийн ахуй амьдралыг дэмжих, жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд тусламж, дэмжлэг үзүүлэх, төсөл хэрэгжүүлэх;

7.4.3.байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй үйлдвэрлэлийн техник, технологийг шинэчлэх;

7.4.4.байгаль орчныг хамгаалах сургалт, сурталчилгаа явуулах, орчны бүсэд судалгаа хийх;

7.4.5.байгалийн аюул, гамшгаас учирсан хохирлыг арилгах.

8 дугаар зүйл.Орчны бүсийн менежментийн төлөвлөгөө

8.1.Засаг дарга нь хамгаалалтын захиргаа, зөвлөлтэй хамтран энэ хуульд заасны дагуу орчны бүсийн менежментийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлнэ.

8.2.Орчны бүсийн менежментийн төлөвлөгөөнд дараахь зүйлийг тусгана:

8.2.1.нэн ховор, ховор ан амьтан, ургамал, түүнчлэн газар, байгалийн баялгийн хамгаалах, ашиглах чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээ;

8.2.2.орчны бүсэд байгалийн нөөцийг зохистой ашиглах чиглэл, хэлбэр, уг үйл ажиллагаанаас тусгай хамгаалалттай газар нутаг, орчны бүсэд үзүүлэх нөлөөллийг багасгах арга хэмжээ;

8.2.З.иргэдийн ажил эрхлэлт, нийгмийн асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга хэмжээ;

8.2.4.орчны бүсээр дамжин өнгөрдөг ан амьтан нүүдэллэх зам, түүнийг хамгаалах арга хэмжээ;

8.2.5.орчны бүсийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардал, санхүүжүүлэх эх үүсвэр.

9 дүгээр зүйл.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ

9.1.Орчны бүсэд үйлдвэрийн зориулалтаар мод бэлтгэх, ан агнах, анчдын отог байгуулах, ашигт малтмал эрж хайх, олборлох, уул уурхайн үйлдвэрлэл явуулах, усан сан байгуулах, далан, хаалт барих зэрэг үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллага нь зохих хууль тогтоомжийн дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэнэ.

9.2.Нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд хамгаалалтын захиргааны санал, дүгнэлтийг тусгана.

10 дугаар зүйл.Орчны бүсийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт

10.1.Орчны бүсэд явуулж байгаа үйл ажиллагаа, орчны бүсийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд орон нутгийн өөрөө удирдах болон төрийн холбогдох байгууллага хяналт тавина.

10.2.Зөвлөл нь орчны бүсэд хяналт хэрэгжүүлэхэд тухайн орон нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагад туслалцаа үзүүлнэ.

10.З.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага орчны бүсийн хамгаалалт, байгаль орчны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх гомдлоо холбогдох хуульд заасан журмын дагуу шүүх, улсын байцаагч буюу зохих шатны Засаг даргад гаргана.

10.4.Улсын байцаагч, Засаг даргын гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргана.

11 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

11.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Р.ГОНЧИГДОРЖ