Хууль, эрх зүй

УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ АМЬТНЫ СҮРГИЙН БҮТЦИЙГ ЗОХИЦУУЛАХ, ЗААЗЛАХ, СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ДЭЭЖ, СОРЬЦ АВАХ, ХЭМЖИЛТ ХИЙХ, НУТАГШУУЛАХ, ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ГОЛОМТЫГ УСТГАХ ЗОРИЛГООР АМЬТАН АГНАХ, БАРИХ ЖУРАМ

Байгаль орчны сайдын 1996 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн  209 дүгээр тушаалын хавсралт 
 
УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ  АМЬТНЫ СҮРГИЙН БҮТЦИЙГ ЗОХИЦУУЛАХ, ЗААЗЛАХ, СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ДЭЭЖ, СОРЬЦ АВАХ, ХЭМЖИЛТ ХИЙХ, НУТАГШУУЛАХ, ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ГОЛОМТЫГ УСТГАХ ЗОРИЛГООР АМЬТАН АГНАХ, БАРИХ ЖУРАМ 
 
Нэг. Нийтлэг үндэслэл 1. Улсын тусгай хамгаалалттай газар (цаашид ТХГ гэх)-ын зөвшөөрөгдсөн бүсэд амьтны сүргийн бүтцийг зохицуулах,заазлах, судалгаа шинжилгээний дээж, сорьц авах, хэмжилт хийх, нутагшуулах, халдварт өвчний голомтыг устгах зорилгоор амьтныг агнах, барихад энэхүү журмыг мөрдөнө. 2. ТХГ-т амьтныг агнах, барихад Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Ан агнуурын тухай хууль, Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад акт, болон энэхүү журмыг үндэслэл болгоно. 3. ТХГ-т амьтан агнах, барихад төлбөр, хураамж ногдуулах, тэдгээрээс чөлөөлөх, хөнгөлөх асуудлыг Агнуурын нөөи ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйл болон "Жагсаалт, үнэлгээ, төлбөр хураамжийн хувь хэмжээг батлах тухай" Засгийн газрын 1995 оны 152-р тогтоолын 3 дугаар хавсралт, мөн хуультай нийцүүлж гаргасан Засгийн газрын тогтоолын дагуу шийдвэрлэж, төлбөр, хураамжийг тухайн Тусгай хамгаалалттай газрыг харъяалах сумын төсөвт төлөх бөгөөд орлогын 50 хүртэлх хувийг энэ заалтад дурдсан хуулийн 7 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн дагуу амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, нутагшуулах арга хэмжээнд зарцуулна. 
 
Хоёр. Амьтан агнах, барих зөвшөөрөл 1. ТХГ-т энэ журмын 1 дүгээр заалтад дурдсан зориулалтаар нэн ховор болон ховор амьтан агнах зөвшөөрлийг эрдэм шинжилгээний байгууллага болон тухайн ТХГ-ын хамгаалалтын захиргааны санал дүгнэлтийг үндэслэн Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, элбэг амьтныг агнах, барих зөвшөөрлийг холбогдох сумын Засаг дарга олгоно. 2. Амьтан агнах, барих зөвшөөрөлд агнах, барих зориулалт, агнах амьтны нэр, тоо хэмжээ, агнах барих газар, хугацаа, уг ажлыг гүйцэтгэх эрдэм шинжилгээний ажилтан, аж ахуйн нэгж, байгууллагын нэр зэргийг тодорхой тусгана. 3. Зөвшөөрөлд дурдсан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас амьтныг агнах, барих ажлыг гүйцэтгэж чадаагүй тохиолдолд хугацааг сунгах асуудпыг уг зөвшөөрлийг олгосон байгууллага, албан тушаалтнаар шийдвэрлүүлнэ. 
 
Гурав. Амьтныг агнах, барих ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэхэд оролцогч талуудын хүлээх үүрэг, эрх 
 
А. Дархан газрын товчооны хүлээх эрх, үүрэг: 1. ТХГ-т амьтан агнах, барих ажлыг зохих хууль тогтоомжинд нийцүүлэн зохион байгуулж, нэгдсэн хяналт тавьж, үр дүнг нь хүлээж авах, 2. ТХГ-т амьтан агнах, барих зөвшөөрөл авсан эрдэм шинжилгээний ажилтан, аж ахуйн нэгж, байгууллагатай тухайн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас байгуулах гэрээг хянаж батлах, 3. Холбогдох хууль тогтоомж болон энэхүү журмыг зөрчсөн буюу гэрээнд заагдсан үүргээ биелүүлээгүй эрдэм шинжилгээний ажилтан, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг зогсоох, хуулийн дагуу арга хэмжээ авах. 
 
Б. Хамгаалалтын захиргааны хүлээх эрх, үүрэг. 1. ТХГ-т амьтан агнах, барих зөвшөөрлийг үндэслэн амьтан агнах, барих ажлыг эрдэм шинжилгээний ажилтан, агнуурын дадлага туршлага бүхий мэргэжлийн аж ахуйн нэгж, байгууллагын оролцоотойгоор зохион байгуулж хэрэгжүүлнэ. 2. Хамгаалагдсан нутаг дэвсгэрээс агнах, барих амьтны тооллогыг явуулж, тухайн зүйл амьтны нас хүйс, сүргийн бүтэц, нөөц, байршлыг нарийвчлан тогтоосны үндсэн дээр агнах, барих амьтны тоо хэмжээг тогтоох, 
3. Энэ журмын 1-д заасан зориулалтаар агнасан амьтны тоо, нас, хүйс, хэмжилт болон бусад бүх үзүүлэлтийг мэдээллийн санд оруулж байна. 4. Гэрээний дагуу амьтан агнах, барих ажилд хяналт тавьж үр дүнг нь гаргуулж, үнэлэлт дүгнэлт өгч энэ тухай тодорхой мэдээллийг Дархан газрын товчоонд өгөх. 5. Амьтны сүргийн бүтцийг зохицуулах, заазлах зориулалтаар агнасан амьтны мах, эвэр, арьс шир, бусад түүхий эдийн зүйлийг зохих журмын дагуу борлуулж, орлогыг ТХГ-ын хамгаалалтын арга хэмжээнд зориулан зарцуулна. 6. ТХГ-т мал, амьтны халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тухай бүрд мал эмнэлэг, эрүүл ахуй, халдвартын байгууллагад шуурхай мэдэгдэж зохих арга хэмжээг авахуулж байна. 7. Халдварт өвчнөөр өвчилж хорогдсон мал, амьтны сэг, зэмийг мал эмнэлэг, эрүүл ахуй, халдвартын байгууллагын зөвлөмж, шаардлагын дагуу устгах арга хэмжээ авна. 
 
Дөрөв. Амьтан агнах, барих эрдэм шинжилгээний ажилтан, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг 1. ТХГ-т амьтан агнах, барих үйл ажиллагаа явуулах эрдэм шинжилгээний ажилтан, аж ахуйн нэгж, байгууллага зохих журмын дагуу батлагдсан удирдамжтай байхын зэрэгцээ тухайн ТХГ-ын хамгаалалтын захиргаа болон холбогдох сумын Засаг даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр амьтныг агнах, барих үйл ажиллагааг явуулна. 2. ТХГ-т амьтан агнах, барих эрдэм шинжилгээний ажилтан, аж ахуйн нэгж, байгууллага нь энэ журмын 2 дахь хэсэгт дурдсан хууль тогтоомж болон тухайн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын горимыг судалж мэдсэн байна. 3. Амьтныг агнах, барих ажлыг гүйцэтгэхдээ судалгаа шинжилгээний батлагдсан арга зүй, ан амьтныг агнах барихад зориулагдсан тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлийг ашиглана. 4. ТХГ-т амьтныг агнах, барих үйл ажиллагааг явуулахдаа тухайн ТХГ-ын хамгаалалтын захиргааны ажилтан, байгаль хамгаалагч, байцаагчдын хяналтын дор гүйцэтгэнэ. 5. Амьтныг агнах, барихдаа энэ журмын 2 дугаар зүйлд дурьдсан зөвшөөрөл болон түүнд заасан тоо хэмжээ, хугацаа, бусад заалтыг мөрдөнө. 6. ТХГ-т амьтан агнах, барих ажил гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажилтан, аж ахуйн нэгж, байгууллага нь уг ажлын гүйцэтгэл, үр дүнгийн талаар тайлан бичиж, хувийг нь Байгаль орчныг хамгаалах алба болон тухайн тусгай хамгаалалттай газрын захиргаанд өгнө 
 
Тав. Хүлээлгэх хариуцлага 1. Энэ журмыг зөрчсөн эрдэм шинжилгээний ажилтан, аж ахуйн нэгж, байгууллагад эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 4, Ан агнуурын тухай хуулийн 26 дугаар зүйл, Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу тус тус хариуцлага хүлээлгэнэ. 
 
 
---оОо---