Байгаль орчны сайдын 2003 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 75-р тушаалын хавсралт
ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ОЙД ОЙН АЖ АХУЙН АРГА ХЭМЖЭЭ ЯВУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Тусгай хамгаалалттай газар нутаг /цаашид "ТХГН" гэх/-ийн ойд ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхэд Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, ТХГН-ийн хамгаалалтын захиргаа, уг арга хэмжээг хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын хоорондын харьцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино. 2. Монгол Улсын "Ойн тухай" хуулийн 11 дүгээр зүйл, "ТХГН-ийн тухай" хуулийн холбогдох заалтууд, ТХГН-ийн хамгаалалтын горимыг сахиулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө. 3. Ойн аж ахуйн арга хэмжээг явуулахад энэхүү журмаас гадна дараах хууль тогтоомжийн холбогдох заалтуудыг мөрдлөг болгоно. Үүнд: Ойн тухай Монгол Улсын хууль /1995/ ТХГН-ийн тухай монгол Улсын хууль /1994/ Ой хээрийг түймрээс хамгаалах тухай Монгол Улсын хууль /1996/ Ойд арчилгаа-цэвэрлэгээ хийх журам /1997/ Ойд цэвэрлэгээ хийх журам /2002/ Ойгоос мод бэлтгэх заавар /2000/ Ойгоос хэрэглээний мод, түлээ олгох, хяналт тавих журам /2000/ Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх журам /2002/
Хоёр. ТХГН-т явуулах ойн аж ахуйн арга хэмжээ
4. Тусгай хамгаалалттай газар нутагт явуулах ойн аж ахуйн арга хэмжээ гэдэгт дараах арга хэмжээг хамруулна. Үүнд: 4.1 ажиглалт судалгаа явуулах, 4.2 ой зохион байгуулалтын ажил гүйцэтгэх, 4.3 арчилгааны огтлол явуулах, 4.4 ойн цэвэрлэгээ хийх, 4.5 ойн хөнөөлт шавьж, өвчинтэй тэмцэх, 4.6 мод үржүүлгийн зориулалтаар мод бутны үр, мөчир бэлтгэх, 4.7 ойн үрийн байнгын талбай байгуулах, сор болон шилмэл модыг сонгон тусгаарлах, 4.8 мод үржүүлгийн газар, хүлэмж байгуулах, 4.9 ойжуулалт-байгалийн сэргэн ургалтад туслах ажил гүйцэтгэх, 4.10 түймрээс хамгаалах зурвас байгуулах.
5. ТХГН-ийн тухай хуульд заасан дэглэмд үндэслэн дээрх ойн аж ахуйн арга хэмжээнүүдийг зөвшөөрөгдөх бүсүүдэд явуулна. 6. Ойн аж ахуйн арга хэмжээнүүдийг явуулахдаа чиглэл тус бүрээр гарсан технологийн журам, заавар, зөвлөмжүүд, норм, нормативыг мөрдөж ажиллана.
Гурав. Ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах
7. ТХГН-т явуулах ойн аж ахуйн арга хэмжээг тухайн Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөнд тусгасан байна. 8. Ойн аж ахуйн арга хэмжээний төлөвлөгөөг ой зохион байгуулалтын материалд тулгуурлан боловсруулан. Журмын 4.1-4.10-т заасан арга хэмжээг менежментийн төлөвлөгөөг үндэслэн ойн мэргэжлийн байгууллагын санал, дүгнэлт, зөвлөмжийн дагуу 1-3 жилээр төлөвлөж, шаардагдах зардлыг тухайн жилийн төсөвт тусгуулна. 9. ТХГН-ийн менежментийн төлөвлөгөөнд тусгагдаагүй боловч зайлшгүй хийх шаардлагатай цаг үеийн зарим арга хэмжээг /түймэр, хөнөөлт шавьж, өвчний тархалтын улмаас г.м/ тухайн газрын хамгаалалтын захиргаанаас энэ журмын 13-т туссан албан тушаалтанд уламжил зохих шийдвэр гаргуулан, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулна.
10. ТХГН-ийн ой зохион байгуулалтын ажлыг 10 жил тутамд хийх бөгөөд зардлыг ТХГН-ийн тухайн жилийн ойн арга хэмжээний төсөвт тусгаж байна. 11. Төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг явуулахдаа энэ журмын 13-т заасны дагуу холбогдох шийдвэрийг гаргуулж тухайн газрын хамгаалалтын захиргаа ойн мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна. 12. Журмын 4-ийн 6, 8 дугаарт заасан арга хэмжээг тухайн газрын хамгаалалтын захиргаа шууд гардан зохион байгуулж болно.
Дөрөв. Ойн аж ахуйн арга хэмжээг явуулах шийдвэр гаргах
13. Журмын 4-т заасан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шийдвэрийг дараах албан тушаалтан гаргана. Үүнд: 13.1 Журмын 4-ийн 6, 8, 9 дүгээрт заасан арга хэмжээг менежментийн төлөвлөгөөг үндэслэн тухайн хамгаалалтын захиргааны дарга, 13.2 Журмын 4-ийн 1.4, 7 дугаарт заасан арга хэмжээг ТХГН-ийн удирдлагын хэлтсийн дарга, 13.3 Журмын 4-ийн 3 дугаарт заасан арга хэмжээг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, 13.4 Журмын 4-ийн 2, 5, 10 дугаарт заасан арга хэмжээг Байгаль орчны сайд.
14. Дээрх шийдвэр гарсны дараа бүх төрлийн арга хэмжээг явуулахад тухайн газрын хамгаалалтын захиргаа гүйцэтгэгч байгууллагатай "ажил гүйцэтгэх гэрээ" байгуулж гүйцэтгэлд хяналт тавьж, үр дүнгийн талаарх тайланг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнана. 15. Тусгай хамгаалалттай газар нутагт хийх ойг нөхөн сэргээх ажлын хэмжээг төлөвлөх, гүйцэтгэлийг зохион байгуулах, шалгаж хүлээж авах арга хэмжээг Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын хэлтэс нэгтгэн хэрэгжүүлж болно. 16. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд ойн аж ахуйн бүх төрлийн арга хэмжээг явуулахад шаардагдах зураг төсөл боловсруулан баталгаажуулсны дараа хэрэгжүүлэх ажлыг эхлүүлнэ. 17. ойн нөөц бүхий улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд ойн мэргэжилтэн ажиллуулна. 18. Ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлсний дүнд олсон орлогыг ТХГН-ийн хамгаалалтын захиргаад байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх болон биотехникийн арга хэмжээнд өөрийн орлогыг зарцуулах журмын дагуу зарцуулж болно. 19. Ойн аж ахуйн арга хэмжээг ТХГН-ийн ойд хэрэгжүүлж байгаа ойн мэргэжлийн байгууллага нь хууль тогтоомжийг зөрчих буюу зураг төсөлд заасан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тухайн хамгаалалтын захиргаанаас ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, ажлыг зогсоох арга хэмжээ авч болно.
Тав. Бусад
20. Журамд заасан ойн аж ахуйн арга хэмжээний гүйцэтгэл бүрийн тайлан, холбогдох акт баримтыг бүрдүүлж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлж тухайн оны мэдээ тайланд тусгуулна.
---оОо---
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ