2021 оны 11 сарын 03
Байгаль, түүх соёлын өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Богдхан уулын дархан цаазат газрын Манзуширын аманд Манзушир-Цэцээ гүн чиглэлийн аялалын замын тохижилтын ажлыг хүлээн авлаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалгаар, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ялгуусан ХХК, Пластик центр ХХК-ны гүйцэтгэсэн тохижилтын ажлын хүрээнд Зуунмод-Манзушир чиглэлд 7 км авто зам, Манзуширын хийд-Цэцээ гүн аялалын маршрут дагуу нэг удаа 6 хүнд үйлчлэх хүчин чадал бүхий соруулдаг эко 00, ангилдаг хогийн сав, сүүдрэвч, бусад засвар тохижилтын ажил хийгдсэн. Ажлын гүйцэтгэлийн явцад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар хяналт тавьж, гүйцэтгэлийг хүлээн авч, хариуцан ашиглагч Төв аймгийн музейд өглөө.
Манзушир ламтны анхдугаар дүрийн хувилгаан Лувсанжамбалданзан удирдан 1733 онд Богдхан уулын энгэрт бариулснаар Манзуширын хийдийн суурь тавигдаж, 1760 онд Бадамын дуган, 1770 онд Шар хүрээ хэмээх Богдын ордонг барьж, Хангал, Цогчин, Эргэдэг Майдар, Суварган сүм, Сэрүүн лаврин, Мамба, Цанид, Жүд, Мангал зэрэг сүм дугануудыг уран барилгын гайхалтай шийдлээр байгуулсан байна. Эдгээр сүмүүд нь Богдхан уулын үзэмжит сайхан байгальтай зохицон нийцэж байсан учраас “Халх Монголын Ар утай” гэж алдаршжээ. XX зууны эхэн үе гэхэд 500 гаруй шавьтай, гавж аграмбын мяндгийг олгодог Монголын нэр нөлөөтэй том хийд болсон байна. Сүмээс үлдсэн хэсэг нь одоо музей болж хадгалагдан иржээ. 200 гаруй жилийн түүхтэй Манзуширын хийдийг 1937 оны хэлмэгдүүлэлтээр нураан буулгах үед 20 барилга байгууламж, 300 лам нартай байжээ. Энэ хийдийн туурь, уулын энгэрийн хадан дээр сийлбэрлэсэн том бурхдын зураг нь түүх соёлын ховор нандин бүтээл дурсгал болж үлдсэнийг 1998 онд улсын хамгаалалтанд авсан.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ