2021 оны 08 сарын 24
Богдхан уулын дархан цаазат газрын амьтдын нүүдэллэх шилжих, сэлгэн амьдрах орчин нь Хустайн нуруу, Өлзийтийн болон Сонгины уулс, Богдхан уул, Хэнтийн нуруу гэсэн чиглэл юм.
Сүүлийн жилүүдэд хүн амын суурьшил, дэд бүтцийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан амьтдын нүүдэллэх орчин хязгаарлагдаж, амьдрах орчин хумигдаж байна.
Суурьшлын бүсэд могой их орж байгаа нь цаг агаарын нөхцөл байдлаас гадна дээрх шалтгаантай холбоотой юм.
Богдхан уулын дархан цаазат газарт рашааны болон бамбай хоншоорт зэрэг олон төрөл могой бий. Ялангуяа дархан цаазат газрын Түргэн, Жаргалант, Нүхт, Арцат, Чандмана, Зайсан, Ихтэнгэр, Багатэнгэр, Залаат, Хүрхээгийн амуудад могой ихээхэн амьдрах бөгөөд үүний дотор Нүхтийн ам, Арцатын ам нь могойны гол амьдрах орчин гэж ойлгоход болно.
Хязгаарлалтын бүсэд төсөл хэрэгжүүлж буй иргэн, хуулийн этгээд байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх тодорхой тусгаж өгөх шаардлагатай.
Иргэн та аль болох батлагдсан маршрутаар аялаж, аялах явцад могой, бусад амьтан таарвал оролдохгүй хөндөхгүй байх, хязгаарлалтын бүсэд /таны хашаа, гэрт/ орж ирсэн тохиолдолд Онцгой байдлын алба болон Байгаль орчны байгууллагуудад мэдээлэл өгөх хэрэгтэй.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ