2021 оны 05 сарын 18
Нийслэл хотын иргэдийн аялах, алхах хамгийн ойр байгаль болох Богдхан уулын дархан цаазат газрын Зайсан-Дугуй цагаан чиглэлийн явган аялалын замналаар амралтын нэг өдөрт дунджаар 4000, бусад өдрүүдэд 1000 орчим иргэд алхадаг.
Иргэдийн тав тухтай алхах орчныг бүрдүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам, хамгаалалтын захиргаа, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран 2014, 2016 онуудад аялалын замын тохижилт, 2017 онд 264 машины авто зогсоол, 2020 онд кофе шоп бүхий нэг дор 12 хүнд үйлчлэх хүчин чадал бүхий ариун цэврийн байгууламж, нэвтрэх пост, хяналтын камержуулалт, хамгаалалтын хашаа, хогийн сав, эко 00 зэргийг ашиглалтад оруулсан.
Дархан цаазат ууланд алхагч хэсэг залуучууд Улаанбаатар хотынхаа уушиг болсон уулаа хайрлан хамгаалах, зөв зохистой аялах, алхахыг иргэдэд уриалж "Төгс хандлагаа өөрчилье" төрийн бус байгууллагыг байгуулан иргэдийн сайн дурын аяныг өрнүүлээд байна.
Тус аяны хүрээнд Зайсан-Дугуйцагаан чиглэлийн явган аялалын замналыг цэвэрлэх, тохижуулах төсөл, зургыг боловсруулан уг төслийг иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр ажлаа эхлээд байна.
Аяныг санаачлагч "Төгс хандлагаа өөрчилье" ТББ нь аяны хүрээнд хийгдэх ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх хандивын нэвтрүүлгийг тавдугаар сарын 1-нд 19.30 цагаас NTV-ээр, (Монгол HD, Боловсрол, UBS, Парламент) тв цахим хуудсаар нэгэн зэрэг орон даяар шууд дамжуулсан.
Тохижилтын нарийвчилсан зураг төслийг “BAT architect” ХХК гүйцэтгэж, БОАЖЯам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, нийслэлийн Засаг дарга, хот байгуулалт хөгжлийн газарт танилцуулан ажлаа эхлээд байна.
Тус аянд аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нэгдэж нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой ажлуудыг зураг төслийн дагуу гүйцэтгэнэ.
Тохижилтын ажлын эхлэл 5 сарын 22-23-ны өдрүүдэд 4-5 настай нарс, шинэс модоор 2 га талбайг ойжуулах өдөрлөг болно.
Тус өдрүүдэд мод тарих бүх бэлтгэл ажлуудыг мэргэжлийн байгууллага нь хангасан байх бөгөөд та бүхнийг Khandlagаa Uurchlue / Хандлагаа Өөрчилье аянд нэгдэхийг хүсвэл "Төгс хандлагаа өөрчилье" ТББ -97016767 дугаарт холбогдон мэдээлэл авах боломжтой.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ